/ Албаны бахархал

Албаны бахархал

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.ПҮРЭВ: МОНГОЛЫН ЦАГДАА ЦАГААН ШОНХОР ШИГЭЭ ЭРЭМГИЙ ЗОРИГТОЙ БАЙГААСАЙ ГЭЖ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЗАЛБИРЧ БАЙНА.

 

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.ПҮРЭВ: Монголын цагдаа цагаан шонхор шигээ эрэмгийн зоригтой байгаасай гэж чин сэтгэлээсээ залбирч байна. 1992 онд одоогийн Үндсэн хуулийн төслийг АИХ-ын чуулганаар хэлэлцэж байхад Төрийн сүлдэнд хоёр зураг нэр дэвшиж байсан юм. Одоогийн хэрэглэж байгаа морь, С.Тэнгисболд зураачийн зурсан цагаан шонхор. Би хувь хүнийхээ хувьд уламжлалаа бодоход шонхор нь төрийн сүлд болчих боловуу гэж бодож байлаа. Олон хүмүүс санал маргалдаад шонхор нэг их санал аваагүй. Би тэгэхээр нь төрийн сүлд болохгүй бол надтай уулзаарай, цагдаагийн сүлд болгоё гэсэн юм. Та бол төрийн сүлд болоосой гэж бодож байгаа байх би харин битгий болоосой, цагдаагийнхаа бэлгэ тэмдэг болгоё гэж хошигнож байсан юм. 
Үндсэн хууль батлагдсаны дараа С.Тэнгисболдыг өрөөндөө дуудаад уулзсан юм. Надаас насаар дүү л болохоос биш бүтээлээр нь бодоход та гэж хүндэлмээр сайхан уран бүтээлч. Та түүх шастир бодож урласан болов уу. Надад харин төрийн уламжлал, түүх шастир, шонхор нь их чухал байна, цагдаагийн бэлгэ тэмдэг болгоё, цагдаад зориулсан онцлогтой зураад ирнэ үү гэж хэлээд явуулсан. Нэлээд сунжраад байхаар нь нэг өдөр зөвлөлийн өрөөндөө дуудаад та энд суугаад яг цагдаад зориулаад яаралтай зураад өгнө үү гээд орхисон юм. Дараа нь бэлгэдэлүүдийг нь надад тайлбарлаж өгөхөд нь би зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Тэр болтол чи засаж янзалж бай гэсэн юм. 
Би ч бас зөвлөл хуралдтал учир мэдэх хэд хэдэн хүнээс асууж сураглаж, ярилцахад шонхор шувууг бэлгэдэл болгох нь зүйтэй гээд их дэмжиж байна шүү. Тэгэхээр нь эрэмшээд зориг орон даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, босоо монгол бичгээр цагдаа гэж бичүүлэх санал нэмж, 1992 онд батлагдсан. Цагдаагийн тухай хууль гараагүй байхад Ерөнхий газрын даргын тушаал гаргаж хэрэглэж эхэлсэн юм. Харин 1993 оны сүүлээр цагдаагийн байгууллагын хууль батлагдаж, бидний одоо хэрэглэж байгаа цагаан шонхор бүхий бэлгэ тэмдэгийг, тайлбартай нь батлуулсан. Улаан өнгө нь цагдаагийн нэгж юм гэх мэт 137-р тушаалд бүх утга учрыг нь бичсэн байгаа. Монголын цагдаа цагаан шонхор шигээ улам их эрэмгий зоригтой байгаасай гэж чин сэтгэлээсээ залбирч байна.

ЗУРААЧ УРАН БАРИМАЛЧ С.ТЭНГИСБОЛД : Эзэн Чингис хаан шонхор шувууг хурд хүч, зориг авхаалж самбаа, эрч хүчийн бэлгэдэл гэж үзэж ирсэн

- Цагдаагийн албаны бэлгэ тэмдгийг цагаан шонхроор бэлгэдэж бүтээх болсон бэ? 
- 1990 онд Монгол Улсын өнөөгийн Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр эзэн Чингисийн хиад овгийн цангаан шонхор онгоныг төрийн сүлдэндээ залахаар, Монгол улсын сүлд тэмдгийг бүтээх болж би 10 гаруй загвар бүтээж зохион байгуулах комисст танилцуулсан юм. Миний бүтээсэн загварууд бол бүгдээрээ шонхорын дүрстэй байсан. Гэтэл комиссын гишүүд нь заавал мориор бэлгэднэ гээд миний бүтээл шалгараагүй. Тухайн үед надтай хамт оролцсон Ц.Ойдовын бүтээсэн морьтой сүлд шалгарч одоо болтол хэрэглэж байгаа. Гэтэл тухайн үеийн ЦЕГ-ын дарга Б.Пүрэв генерал энэ цагаан шонхорыг цагдаагийнхаа бэлгэ тэмдэг болгоё гээд намайг хүлээн авч уулзаж, дахин засаж надаар зуруулсан юм. 
- Та цагаан шонхорыг хэрхэн бэлгэдсэн бэ? 
- Эзэн Чингис хаан тэнгэр шүтлэгтэй байсан. Тэр үеэс эзэн Чингис хаан шонхор шувууг хурд хүч, зориг авхаалж самбаа, эрч хүчийн бэлгэдэл гэж үзэж ирсэн. Одоо монголчуудын бахархал шувуу болоод байна шүү дээ. Шонхор шувууг Монголын ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлгэдэл болгон “Үндэсний бахархалт шувуу”-аар зарласан. Гиннесийн номонд л гэхэд 2011 онд хамгийн өндөрт нисдэг шувуу гэж бичигдсэн. 
- Цагдаагийн бэлгэ тэмдэг ямар утга агуулгатайгаар бүтээгдсэн бэ?
- Улаан хүрээ бол мандан бадарч, дүрэлзэн асахын бэлгэдэл галыг бэлгэдсэн. Харин цэнхэр өнгө бол хөх тэнгэр, хурмаст тэнгэр. Үргэлж өндөр дээд хөх тэнгэр мэт байхыг бэлгэдсэн. Бэлгэ тэмдгээ бүхлээр нь нэг сайн хар даа. Энэ бол дүүрэн татсан нум сумыг бэлгэдсэн юм. Дүүрэн татсан нумныхаа үзүүрт зүг зүг тийш оночтой мэргэн байхын бэлгэдэл болсон таван сум байна. Алунгоо эхийн домогт өгүүлсэн байдаг эвийн бэлгэдэл гэсэн утга ч бий. Миний анхны санаа бол цагдаагийн алба хаагчийн таван мэдрэхүйг бэлгэдсэн санаа ч мөн байгаа юм.

Б.Төгсжаргал

Цагдаагийн байгууллагын бэлэгдлийн агуулга нь:
ШОНХОР ШУВУУ: Эзэн Чингис хаан Шонхор шувууг хурд хүч, зориг, авхаалж самбаа, эрч хүчний бэлгэдэл гэж үзэж ирсэн бөгөөд Монголчуудын эрхэмлэн дээдлэн ирсэн түүхэн уламжлалыг хадгалах, цагдаагийн байгуул­лага Шонхор шувуу мэд байхыг бэлэгд­сэн. Бэлэгдлийн Шонхор шувууг далав­чаа дэлгэсэн дүүрэн татсан нум мэт дүрсэлсэн нь мөн хурд хүчнийг бэлгэдсэн.

СУМ: Дүүрэн татсан нум хэлбэртэй Шонхор шувууны дээд хэсэгт байрлах таван сум нь цагдаагийн ажилтны таван мэдэрхүй хурц байх мөн Алунгоо эхийн домогт өгүүлсэн эвийн бэлгэдлийг давхар агуулсан.

УЛААН ХҮРЭЭ: Мандан бадарч, дүрэлзэн асах галыг бэлэгдсэн.

СУУРЬ ЦЭНХЭР ӨНГӨ: Үргэлж өндөр дээд хөх тэнгэр мэт байрыг бэлэгдсэн.

БИЧЭЭС: Уламжлал шинэчлэлийг хослуулах үүд­нээс уйгаржин Монгол бичгээр бэл­гэд­лийн зүүн талд МОНГОЛЫН, баруун тал ЦАГДАА гэж, доод хэсэгт латин үсгээр POLICE гэж бичсэн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна